Wednesday, January 7, 2009

Бобо: Шинэ цомгийн ажилдаа орчихсон байгаа


Реппэр Бобо “77 дугаар тойрог” нэртэй тоглолтоо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд амжилттай хийсэн. Тэрбээр 2009 онд юу хийж бүтээхийг төлөвлөж байгаа талаар нь асууж сонирхлоо.


-Шинэ оны мэнд, Бобо. Шинэ оноо хаана угтсан бэ?

-Баярлалаа. Танд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Би 2009 оноо ээжийндээ халуун дулаан, гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан угтсан.

-Өнгөрсөн 2008 он таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байсан гэж бодож байна?

-Тийм шүү. Би өнгөрсөн онд хоёр дахь бие даасан цомог, анхны бие даасан тоглолтоо тавьсан гээд л их сайхан он болж өнгөрлөө.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би одоо гурав дахь цомгийнхоо ажилд орчихоод л явж байна даа.

-Шинэ цомог хэзээ гарах вэ?

-Яг тэдэнд гарна гэж хэлж чадахгүй байна. Саяхнаас бичлэгтээ орсон. Гэхдээ би “77 дугаар тойрог” цомгоо гаргаад удаагүй байгаа болохоор нэг их яарахгүй байгаа.

-2009 онд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Ер нь бол студийнхээ ажилд илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. 2007 онд анхны цомгоо гаргасан, 2008 онд “77 дугаар тойрог” нэртэй анхны тоглолтоо тавьсан, харин энэ онд өөрийн хоёр цомгоо гаргачихаад дуулахаа болино гэж бодож байгаа. Тэгээд студийнхээ хамтлаг дуучидтай тулж ажиллана даа.

-Дуулахаа болих гэж үү?

-Тийм ээ. Манай студи хамгийн отгон студийн нэг. Тиймээс одоо студийнхээ ажилд анхаарахгүй бол болохгүй. Уран бүтээлчидтэйгээ хамтран шилдэг гэсэн уран бүтээлийг сонсогч, фенүүддээ хүргэх бодолтой байна.

-Студийн захирал байна гэдэг хэцүү ажил, бэрхшээлтэй асуудал хэр тулгарч байна?

-Би залуу хүн болохоор шантрахгүй ээ. Бусад студи продакшнаас дутахааргүй техник технологитой байх гэж хичээж байна. Чанартай уран бүтээл хийх гэж их л хичээж байна даа.

-H2 хамтлаг чинь танай студийн гаргасан хамтлаг байх аа?

-Тийм ээ. Манай хамгийн анхны уран бүтээлчид гэж хэлж болно. Саяхан тус хамтлагийн маань шинэ цомог гарсан. Шинэ оны хамгийн анхны цомог болсон шүү дээ. Өөр бас нэг R&B эмэгтэй дуучинтай хамтран ажиллаж байгаа. Одоохондоо нэрийг нь нууцалъя.

-Ийм залуу студийн захирал найз охинтой юу?

-Тйим ээ. Одоо бараг хоёр, гурван жил үерхэж байна.

-Ер нь таны хувьд хайр гэж юу вэ?

-Би яг ийм, тийм гэж хэлж чадахгүй байна. Учир нь би залуу хүн. Тиймээс магадгүй 60, 70 нас хүрчихээд хайр гэж тийм зүйл байдаг юм байна шүү гэж хэлж чадах байх.

-За баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

No comments:

Post a Comment