
Хүн амьдралынхаа ямар үед хамгийн сэтгэл хангалуун байж, өөртөө бардамнадаг вэ? Мэдээж зорилгодоо хүрсэн үедээ. Эмэгтэй хүн мөрөөдлөө бодит амьдрал болгочихоод бусдын өмнө итгэл төгс зогсоно гэдэг гайхалтай. Үүний нэгэн жишээ бол ая зохиогч Б.Ангирмаа.
-Та ойрд ажил ихтэй байна уу?
-Ажил ихтэй байгаа. Кивигийн хувьд гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон. Өөрөөр хэлбэл би дуунуудаа зохиогоод эхэлчихсэн.
-Таны шинэ дуунуудын өнгө аясанд өөрчлөлт орсон уу?
-Амьд хөгжим голлосон альтернатив тал руугаа байж болох дуунууд багтаж байна.
-Киви яагаад монгол охиноо дандаа солиод байдаг юм бэ?
-Солигдоно шд. Монгол охин бол угаасаа солигдох гэрээтэй.
-Ангирмаагийн хатуу шаардлагыг давж чадахгүй байна уу?
-Тэгвэл яагаад нөгөө хоёр нь байгаад байгаан? Тэгвэл гурвуулаа л бутраад, надаас зайлаад өгөх байсан юм биш үү? Хэрвээ би тийм хатуу ширүүн юм бол. Ер нь би өөрөө хөдөлгөөнтэй. Нэг газраа удаан байх ч юм уу, нэг хүнтэй удаан найзлах ч юм уу тийм сонирхолтой биш.
-Тэгэхээр таны сэтгэл зүйн байдлаас монгол охин хамтлагт байх эсэх нь шалтгаалдаг байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Анхнаасаа л би богино хугацаагаар гэрээ хийдэг. Тэгээд бүх юм шинэчлэгдэж, солигдож хөдөлгөөнд байх дуртай. Дараагийн шинэ охин маань ямар охин байх бол гэж харах ч юм уу.
-Магадгүй монгол охин нөгөө хоёрыгоо бодвол “замень” олонтой байх?
-Тийм. Одоо гэхэд л шинэ охиноо олчихсон байна.
-Бүх зүйл шинэчлэгдэж байхад дуртай гэдэг атлаа та яагаад гадаад имижээ өөрчилдөггүй юм бэ?
-Тэр гол нь биш. Миний дотоод сэтгэлгээ ондоон шдээ. Гадаад имижээсээ шал өөр.
-Гэхдээ та үсээ урт ургуулаад л, гоёлын даашинз өмсөөд...
-Үзчихсэн юм чинь дээ. Чамайг төрөөгүй байхад би аль хэдийнээ үзчихсэн. Хүнтэй ярихад л надад сайхан байдаг. Би хүний ухааныг л илүүтэй үнэлдэг. Түүнээс биш сайхан даашинз өмссөн, сайхан нүүр царайтай тэнэг хүнтэй бол би юу ярих вэ дээ? Өөрийгөө би үүнтэй адил боддог. Хамгийн гол нь толгой цэнэгтэй, эрч хүчтэй, залуу сэтгэлгээтэй байх ёстой. Тэр дотоод сэтгэлээ би Кивигээр илэрхийлдэг. Тэд нар чинь өөрсдөө л үс гэзгээ тэгж янзлаад, даашинзаа сонгоод гараад ирсэн юм биш шдээ. Бүгдийг нь би байгуулж байна. Би тийм л их сексуальный хүн байхгүй юу.
-Кивиг эс тооцвол та нам гүм болжээ?
-Аргагүй шдээ, би дарга болчихсон юм чинь. Захирал болчихсон шдээ. Монголын анхны 24 цагийн хөгжмийн сувгийг удирдаж байна. Нийгэмд эзлэх байр суурь маань дээшилж байна. Тийм учраас зав муутай болсон. Тэгээд ч одоо миний тайзан дээр гардаг нас биш. Харин дуу зохиох бол миний сонирхол. Хэзээ хүссэн үедээ л төгөлдөр хуурын ард суугаад дуу зохионо. Тийм чадвар надад байдаг.
-Ямар үед төгөлдөр хуурын ард суух вэ?
-Завтай үед ээ л.
-Зав л гарвал онгод бэлэн үү?
-Ер нь бол хөгжмийн ард суухад дуу гарчихдаг юм даа.
-Ангирмаа гэдэг хүн хэн нэгнээс хараат байх уу?
-Үгүй. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил байна. Ах эгчээсээ эмээдэг. Тэр хүмүүсийн үгийг сонсож, тэр хүмүүстэй байнга зөвлөлдөнө. Ер нь бол эрх чөлөөтэй. Шудрага шулуун. Хүн их загнаж ярьдаг тийм л хүн.
-Та ганцаараа амьдардаг уу?
-Тэгдэг.
-Яагаад өнөөдрийг хүртэл хүнтэй суухгүй байна аа? Таны тавьсан шаардлагыг хангах монгол эр хүн олдохгүй байна уу?
-Олдохгүй байна. Хүсэхгүй байна. Сэтгэл санаанд нийцэх хүн байдаг л байх. Би тэр хүнтэйгээ таарахгүй байгаа юм байлгүй дээ.
-Та их өөнтөгч юм болов уу?
-Тийм биш ээ. Зожиг энэ тэр биш шүү дээ. Их олон найз нөхөдтэй, нийтэч, эрэгтэйчүүдтэй сайхан найзлаад, үерхээд, явалдаад л. Бүх л юм миний хувьд бол нээлттэй.
-Ингэж явсаар насны эцэст ганцаардах вий гэж айдаггүй гэж үү?
-Би тэрийг бодох дургүй. Би өнөөдрөөрөө амьдардаг. Хорин хэдэн настайдаа би гуч, дөчтэйдээ ямар байх бол гэж боддоггүй л байсан. Тэгэхээр тавь, жартайдаа ч тийм л байна байх. Тухайн үед бас нийгэм ямар ч байх юм билээ. Би ч ямар байх юм билээ. Тэрийг тухай үед нь л хариулах байх.
-Хэдийгээр өнөөдрөөрөө амьдардаг ч хүн болгонд зорилго байдаг?
-Мэдээж зорилготой байж би өнөөдрийн нэр хүндэд хүрсэн. Одоо бол намайг танихгүй хүн гэж байхгүй. Тэмүүлэл, хүсэл мөрөөдөлтэй байж энэ байр суурийг олж авсан гэж би өөрийгөө бодож байна. Тэр талаар бол надтай ярилтгүй.
-Өнөөдрийн байр сууриндаа та ханачихсан уу?
-Хүн болгон шуналтай. Зорилго бүхнээ би цэнхэр дэлгэцээр эсвэл сонин хэвлэлээр зарлах албагүй. Санаа сайн бол заяа сайн гэгчээр болох байх. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг биз дээ? Миний амжилт мөхөхгүй байх. Тийм учраас би өөртөө итгэлтэй амьдардаг. Хүний зорилго гэдэг бол тарааж яриад, гайхуулаад байх зүйл биш.
-Танаас хүмүүс хэр зэрэг эмээдэг вэ?
-Эмээдэг. Би их өндөр шаардлага тавьдаг. Наад зах нь цаг барихыг их шаарддаг. Миний үзэн яддаг юм хүнийг хүлээх. Эсвэл хэн нэгнийг хүлээлгэх. Ажил эрхэлдэггүй, залхуу тийм хүмүүстэй бол би загнаж л харьцдаг.
-Амьдралд хүн хэн нэгнээр хөглүүлж байдаг.
-Би ажлаасаа эрч хүч, хөг авдаг. Дээрээс нь олон залуу найз нараасаа авна. Киви ч бас миний найз нар шүү дээ. Түүнээс биш эр хүнээс ч юм уу, хайр сэтгэлээс авна гээд байхгүй. Хайр бол аяндаа бий болдог, гүйгээд ирдэг зүйл. Хэрэглэх үедээ хэрэглээд, хугацаа нь дуусвал явуулчихдаг тийм л зүйл.
-Таны анхны хайр ямар хүн байсан бэ?
-Мэддэггүй шдээ. Аль нь анхны хайр байсан юм. Нэг их олон залуучууд л байсан. Бүгдэд нь л хайртай байсан байх.
-Хэрвээ Ангирмаа хэн нэгэн хүнд атаархана гэвэл ямар хүнд?
-Би бага залуудаа их атаархуу байсан. Надаас давуу авъяастай ч юм уу тийм хүнд атаархдаг байсан. Их амбицтай. Ажлын тал дээр шүү дээ. Одоо бол би тийм биш.
-Манай урлагийнхныг бодвол таны орлого гайгүй байна уу?
-Гайгүй. Таргалаад л байна. Овоо олж байгаа юм байлгүй.
-Ер нь та улс төр сонирхох уу?
-Үгүй чш. Юугий нь сонирхохын?
-Одоо энэ уул уурхай, Айвенхоу майнз гээд л хүн бүр яриад байгаа шүү дээ?
-Би ганцхан Ж.Батмөнх гуайг л үнэлдэг. Тухайн үед үнэхээр цаг үеэ олсон, зөв шийдлийг гаргаж чадсан хүн. Улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, мундаг боловсролтой ухаалаг хүн гэж би боддог. Тэр үед залуучуудад байр сууриа тавьж өгнө гэдэг гайхалтай. Одоо бол энэ Н.Энхбаяр, М.Энхболд гэх мэт хүмүүс байр сууриа тавьж өгөөсэй, ухамсраараа. Гэхдээ тавьж өгөхгүй л дээ. Би мэдэж байгаа юм чинь. Ж.Батмөнх гуай шиг тийм сэтгэл тэдэнд байхгүй.
-Урлагийн хөгжилд та сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Сэтгэл хангалуун байдаг. Нөхцлийг нь бүрдүүлж өгөөсэй. Манай ард түмэн бүхэлдээ гайхамшигтай авъяастай хүмүүс. Урлагийнхан бидэнд ордон алга байна. Бизнесменүүдэд түрээсийн мөнгө өгч, тэд нарыг тэжээж байна шдээ.
-Зохиолын дуу түрж орж ирж байгаа тал дээр таны санал?
-Орж ирэг л дээ. Би зохиолын дууг сонсдог. Баясгаланг сонсдог. Жавхланг сонсдог.
-Та нарын орон зайг эзэлчих юм биш үү?
-Хэзээ ч чадахгүй. Хэзээ ч. Яагаад гэвэл энэ рок, поп, хип хоп төрөл гэдэг зохиолын дуунаас хэдэн шат ахичихсан урлаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа
-Танай сайтынханд амжилт хүсье.
No comments:
Post a Comment